Морин хуурын домог
Эрт урьд цагт Монголын зүүн хязгаар нутгийн адуучин хүү Намжил цэргийн албанд мордож баруун нутгийг хамгаалан суужээ. Түүний уянгат сайхан хоолойгоороо яруу эгшиглэнт дуу дуулахад тэр нутгийн морьтой хүн бууж сонсдог, явган хүн сууж сонсдог байжээ. Олон түмэн ардууд сайхан эр Намжилыг гайхан биширч магтан сайшаахдаа хөхөө шувууны дуутай ижилсүүлэн "Хөхөө Намжил” гэж нэрлэх болжээ.
Хөхөө Намжил тэр газар олон жилээр албадан суухдаа нутгийн ноёны нэгэн сайхан гүнжтэй дотно танилцан янаглан амраглажээ. Хааны алба ч халаатай, эзний алба ч гэсэн ээлжтэй байдаг болохоор Хөхөө Намжилын алба хаах хугацаа дуусаж нутаг орондоо буцах болоход амраг хайртай гүнж нь хайрт хүн Намжилдаа нууц далавчтан "Жонон хар” гэдэг нисдэг морь өгөд “Энэ мориор газар товчлон ирж уулзаж байгаарай” гэж захисан юмсанжээ. Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхон өөр морь унахгүйд нь бас гайхдаг байжээ. Намжил хуучин хэвээрээ адуу малаа өсгөн аав ээжээ асран суудаг байсан боловч шөнөдөө гэр орондоо байхгүй алга болоод байдаг гэнэ. Ингэсээр гурван жил болоход түүний учрыг хүмүүс ер мэддэггүй байжээ.
Сайн мориноосоо салсандаа ихэд гашуудан Хөхөө Намжил нэгэн өдөр сайхан жонон хар мориныхоо урт сайхан дэл сүүлийг хайчлан авч толгойлон утаслаж нимгэн газрын арьснаас нь өвчин авч шир болгон нандигнаж дараа нь банз модыг авдарлан дархлаж өвчиж авсан арьсаараа хөндий цараа ширлэж орой дээр нь ухаант мориныхоо толгойг сийлж мөнхлөв. Түүний доорд хоолойд чих мод хоёрыг зохиож түүнээс хялгасан утсаа хоёр эгнээ болгон зүүж унжуулаад авдрыг давуулан ёроолд нь бэхлэв. Бас нарийн бургаас модны хоёр үзүүрийг хялгасан утсаар холбож нааш цааш хөрөөдөх хөвч хийв. Хөвчөө нарсан модны давирхайгаар тослоход гарах дууны өнгө яруу болоод олон янз болохыг мэдэв.
Ийнхүү утастай хуурыг зохиогоод уран эгшиг аяыг оруулан өөрийн сайн морины дурсгалд молор эрдэнэ морин хуурыг үүсгэж түүнд хайрт жонон хар мориныхоо янцгаах дуу, үүрсэх авиа, унгалдах аяс, алхаа гишгээ, арилжаа хатираа, төвөргөөнийг оруулж сэтгэлээ баясгав гэнэ. Түүнээс хойш урт аялгуут хуурыг хуурдаж суух зуур сайн морь нь санагдаж сэтгэлнийн гайхамшгийг төрүүлнэ. Ийнхүү морин толгойтой хуур Монголд анх үүсэж гарсан домогтой.
Эх сурвалж: http://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D1%80%D0%B8%D0%BD_%D1%85%D1%83%D1%83%D1%80%D1%8B%D0%BD_%D2%AF%D2%AF%D1%81%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD_%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9_%D0%B4%D0%BE%D0%BC%D0%BE%D0%B3
No comments:
Post a Comment