XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, Д.Данзанравжаа нь Билгийн улирлын XIII жарны Харагчин гахай цил буюу аргын тооллоор 1803 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн хошуу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг "Шувуун шанд" хэмээх газар ядуу харц Дулдуйтын гэрт мэндэлжээ. Тэрбээр 5наснаасаа оюун билгээрээ тодорч 7 настайдаа айлын жасаа даллага (буян хишиг, даллах найр)-д очиж үүдэн хавиар сууж байх үедээ "Хурмаст тэнгэр" хэмээх дууг шууд зохион:
"Үүл гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээ хоймор юуны ялгаа вэ?
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээн залуу юуны ялгаа вэ...?" гэж дуулснаараа авьяас билиг, хурц ухаан, билгүүн чанар нь тодорч эхэлсэн түүхтэй.
Д.Лувсан-Данзанравжаа (Богд Живзундамба хутагтаас соёрхсон нэр) нь Говийн Y ноён хутагтад 9 настайдаа өргөмжлөгдөн, 7 наснаасаа Төвдийн шүлэгч Ромбо Галсанжамцын зохиосон дуу шүлгийг судалж , эхлэн Өвөрмонголын Бадгар хийдэд шавилан сууж ном үзэж улмаар , 25наснаасаа "Дүйнхорын дацан", Галбын 3 хийд зэрэг хийд дацан байгуулсан, шашны зүтгэлтэн хутагт хүн болохын зэрэгцээгээр Бээжин, Амдоо, Алшаа зэрэг газрар аялан эргэл мөргөл хийж их юм үзжээ.
Y Ноён хутагт Д.Равжаа нь далдыг харах, боломгүй зүйлийг болгон туурвих, ирээдүйг зөгнөн мэдэх, төрөлхийн содон увидастай хүн байсан туд шашны номын дээд чойр, жүд, нууц тарнийн аймагт амархан нэвтрэн "Доньд доглосон"учир залуугаараа эрдмийн зэрэг цолын дээд аграмба болсон байна. Хүрээ хийдэд шавилан суусан шавь банди нар шат дараалан эрдэм сураад гаарамба , гэвш, гавж , равжимба буюу ранжимба , аграмба буюу бандида болох жишээтэй байжээ.
Ноён хутагт Д.Равжаа нь буддын шашны улааны, шарын хоёр ёсны хоёулангийн дээд оргил болсон ага-жүдийн ном буюу нууц тарнийн ухаанд нэвтэрхий мэдлэг чадварыг олсон агын номын аграмба блам байсан.
Тэрбээр олон арван зохиол бичсэн. П.Равжаа нь:
".... Нарны гэрэл хурц болоход үүлгүй бол нэн сайн
Насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанч сайн..."хэмээсэн нь үе үеийн хүүхэд багачуудад бага наснаасаа эрдэм сурахыг заан сургасан их хүмүүжүүлэгчийн гэрээс захиа байжээ.
Данзанравжаагийн уран бүтээлийн өв дотор яруу найргийн бүтээлүүд чухал байр эзэлдэг. Түүний яруу найргийн бүтээлүүдийг сургаалын болон авах гээхийн тухай, янаг хайрын болон иргэний утга уянгын шүлэг, гүн ухааны утга уянгын шүлэг, нийгмийн аж төрөл, шүүмжлэлт яруу найргийн 4 ангид байдаг.
Д.Равжаагийн "Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу", "Ертөнц авгайн жам оршив", "Сэтгэлийг амраагч" зэрэг гүн ухааны болон авах гээхийн ёсыг ухааруулах сургаалийн зохиолууд болон , "Ичиг ичиг" хэмээх шүлэг нь тухайн үеийн нийгмийг зоригтойгоор шүүмжилсэн бүтээл юм.
Эдүгээ түүний монгол түвд хэлээр бичсэн 500-аад бүтээл олдоод байна. Данзанравжаа олон арван дуу зохиосныг түүний "Наян зургаан эхт" хэмээх дууны эмхтгэлээс мэдэж болно. Түүний зохиосон "Үлэмжийн чанар", "Урьхан хонгор", "Түвшин сайхан" зэрэг дуу нь одоо болтол олон түмнийдунд дуулагдсаар байна.
Ардын уран зохиолч Ц.Дамдан сүрэн "... Ноён хутагт Данзанравжаа бол феодализмын бөгчим нийгэмд сэрүүн салхийг сэнгэнүүлж, нам гүм талд яруу дууг хангинуулж, бүх нойрмог амьдралыг сэргээн долгилуулж байсан юм..." гэж хэлсэн нь түүхэн цаг үед батлагдсаар , судлагдсаар, сургаал зохиол бүтээл нь, шүн ухааны туурвил нь хүн төрөлхтний соёл иргэншилд хувь нэмрээ оруулсаар байна.
No comments:
Post a Comment