Яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн намтар
Д.Нацагдорж 1906 оны 11-р сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төржээ. МАХН-ын гишүүнд 1922 онд элссэн. Гэрийн багшаар бичиг үсэг заалгаж анхны боловсрол эзэмшсэн.
1921 онд Д.Нацагдорж Цэргийн явдлын яаманд бичээчээр ажиллах болж улмаар Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. 1923-1924 онд Д.Нацагдорж МАХН-ынII, III их хуралд төлөөлөгчөөр оролцож намын III их хурлаас МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч даргаар сонгогдсон юм. 1924 онд БНМАУ-ын анхны үндсэн хуулийг батласан Улсын анхдугаар их хуралд биечлэн оролцсон төдийгүй 1925 оны эхээр Д.Нацагдорж Бүх Монголын Пионерын Товчооны даргаар томилогдсон билээ. Түүний зохиосон Монголын Пионерүүдийн марш дууг монголын хүүхэд багачууд одоог хүртэл дуулсан хэвээр байна.
1925 онд Д.Нацагдоржийг Ленинград хотод суралцуулахаар явуулжээ. 1926-1929 онуудад Д.Нацагдорж Герман улсын Берлин хотод, дараа нь Лейпциг хотод тус тус суралцсан. Герман хэл сайн сурч эзэмшсний ачаар хойшид Монголч эрдэмтэн Ц.Жамсрантай хамтарч К.Марксын туурвисан "Капитал" зохиолын тэргүүн бүлгийг монгол хэлэнд чадварлаг хөрвүүлжээ.
1929 онд эх орондоо буцаж ирснээс хойш нас бартал ШУХ-нд тасралтгүй ажилласан. Д.Нацагдорж бол авьяаслаг зохиолч байсан төдийгүй өрнө, дорно зүгийн гадаадын хэд хэдэн хэл төгс сайн эзэмшиж үндэснийхээ соёлын түүхийг сайн мэддэг хүн байлаа.
Д.Нацагдорж шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжилд асар их хувь нэмрээ оруулж уянгын нийтлэл, тууж, өгүүллэг, найруулал, драмын жүжиг зэрэг бусад утга зохиолын шинэ шинэ төрөл зүйлийг санаачлан хөгжүүлж эхэлсэн юм.
Д.Нацагдорж бол уянгын их авьяас билэгт яруу найрагч төдийгүй түүний эхэнх бүтээл нь эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлээр дүүрэн байдаг. “Д.Нацагдоржийн тухай дурсан ярих тутамд түүний зохиосон "Миний нутаг" шүлэг аяндаа сэтгэлд буудаг төдийгүй Монгол улсын дөрвөн зүг найман зовихсоор хөндлөн гулд аялах шиг болдог ” хэмээн гадны нэгэн эрдэмтэн дуу алдсан гэдэг.
Д.Нацагдорж эх орондоо бий болж өрнөж байгаа үйл явдал бүрийг яруу найрагчийн хувьд соргог мэдрэн уран бүтээлдээ тусгадаг орчин үеийн жинхэнэ яруу найрагч байсан.
Д.Нацагдорж шинэ үеийн Монголын уран зохиолд “ухуулгын шүлэг” гэдэг шинэ төрөл зүйлийг үүсгэн үндэслэж янз бүрийн муу үр нөлөөлөлд төөрөлдсөн ард түмнээ түүний нөлөөнөөс ангижруулах хэрэгт асар их тус үзүүлсэн олон арван шүлэг, өгүүлэгийг туурвисан.
1930-аад оны эхээр монголын уран зохиолын дотор үргэлжилсэн үгийн зохиолын хөгжлийн явц удаашрах хандлагатай байсныг ажисан зохиолч маань үргэлжилсэн үгийн зохиол хөгжүүлэхэд онц их гавьяа байгуулсан юм, Түүний бичсэн бяцхан өгүүллэг тууриуд Өнөөг хүртэл уран сайхны ач холбогдлоо алдаагүй байна.
Намаас дэвшүүлсэн үндэснийхээ жүжгийн зохиол бичиж хөгжүүлье гэсэн уриаг халуунаар хүлээн авч дэмжсэн монголын анхны зохиолчдын нэгэн нь.Д.Нацагдорж юм 1934 онд түүний туурвисан "Учиртай гурван толгой" хөгжимт жүжиг монгол уншигч үзэгчдийн сонирхлыг татсан төдийгүй одоог болтол дуурийн алтан тайзнаа одоог болтол тавигдсаар байна. "Учиртай гурван толгой" дуурьд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн ая оруулсанаас гадна 90 оны сүүлчээр кино болгосон байна.
Д.Нацагдоржийн уран бүтээл нь шинэхэн үеийн монголын уран зохиол бүрэлдэн тогтнож, цаашид хөгжих явцад ихээхэн үр нөлөө үзүүлснээс гадна иргэний уянгын яруу найраг, реалист үргэлжилсэн үгийн зохиолын шилдэг шинж чанар нь орчин үеийн монголын зохиолчдын зохиол туурвилд тусгалаа олж уламжлагдан хөгжиж байна.
1956 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хотод Д.Нацагдоржийн хөшөө босгох тухай тогтоол гаргаж 1966 оноос эхлэн уран зохиолын дээд шагнал болох Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох болсон төдийгүй Нацагдорж судлал үүсэж гадаад дотоодын олон арван эрдэмтэн түүний бүтээлийг судлаж эрдэмийн зэрэг хамгаалсан байна. Д.Нацагдоржын “Од”, “Октябрь”, “Хавар”, “Дөрвөн цаг”, Хуучин хүү”, Соёлыг гайхав”, ”Ламбагуйн нулимс”, “Цагаан сар ба хар нулимс” зэрэг олон арван шүлэг зохиол бичсэний дотор “Миний нутаг шүлэг” нь XX зууны шилдэг яруу найраг хэмээн ард олноос санал авсан юм.
No comments:
Post a Comment